2007-05-15
Жаран жарны цаг тооны бичиг
Их эзэн хааны маань унасан газар нь Дэлүүн болдог, угаасан ус нь Хан Хэнтийн рашаан булаг гэдгийг хэн бүхэн сонсож дуулсан, уншиж мэдсэн байдаг билээ. Хувь хүмүүний зан төрх, амьдралын замнал, авьяас билиг, эрдэм ухаан, аз хийморь, хань нөхөд, хөдөлмөр бүтээл зэрэг ерөнхий байдлыг нь шинжсэний дагуу тэр хүмүүн ямар өдөр, гараг, сар, ямар ордны нөлөөнд төрснийг нь тодорхойлж болдог гэлцдэг. Ингээд эзэн Чингис хааныхаа төрсөн сар, өдөр, гараг, цагийг тодорхойлохыг оролдсу. Монгол он тооллын өнөө үед мөрдөж буй цаг тооны бичгээс үндэслэн “Жаран жарны цаг тооны бичиг” (1207-гоос 4626 он дуусталх 3600 жил)-ийг жил нэг бүрийн ёгт нэр, суудал, мэнгэ ба жил бүрийн нэгдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх бүх өдрийн гараг, өдрийн жил, түүний өнгө, өдрийн мэнгэ ба суудал зэргийг бивээр оноон бүрдүүлж 108 хүрдээр тооцоолон гаргасан билээ. Зурхайч мэргэдийн туурвисан ном зохиолд өгүүлсэн зурхайн зурлагын бичлэгтэй тэрхүү хүрднүүд дэх он, жил, сар, өдөр гэхчлэнтэй дүйцүүлж хөөсөөр ийнхүү их хааныхаа төрсөн өдрийн гараг, жил, мэнгэ, суудал мэтийг оноон тогтоохыг зорьсон болой.

“Монголын нэвтэрхий толь”-д Чингис хаан 1162 онд төрөөд 1227 онд тэнгэртээ хальсан, “Encyclopedia Britanica”-д Jenghiz khan 1162 онд мэндлээд 1227 онд насан өөд болсон гэсэн байдаг. Харин “Большая Советская Энциклопедия”-д Чингисхан 1155 оны орчим төрөөд 1227 оны наймдугаар сарын 25-нд нас эцэслэсэн гэсний үндэслэл нь “Татаро-монголы в Азии и Европе” (“Татар-монголчууд Ази Европ дахинаа” Сборник статьей, Москва, 1970), “Жизнь Темучжина, думавшего покорить мир” (“Дэлхийг хөл доороо сөхрүүлэхийг санаархсан Тэмүүжиний амьдрал” Н.Ц.Мункуев, Москва, 1973) хоёрт байгаа бололтой.

1155 он бол III жарны 9 дэх жил - “Насан төгөлдөр” хэмээх 8 цагаан мэнгэтэй харагчин Гахай жил юм. Нэгэнт манай эх сурвалжид болон дэлхийд алдартай Английн их тольд Чингис хаан 1162 онд төрсөн гэсэн нь таарч байгаагаар үндэслэн авч үзвэл Чингис хаан маань III жарны 16 дахь жил-”Элдэв” хэмээх Нэг цагаан мэнгэтэй Цагаан Морь жил төрсөн нь тодорхой. Зурхайн номд “Элдэв” хэмээх цагаан Морь жилийг “Энэ жил төрсөн хүмүүн урьд хаан хүмүүн байж. Төрөө алдсан тул маш их сэтгэл зовсныг тэнгэр мэдэж ноён хүмүүн болгож төрүүлсэн. ... Хаан хүмүүний ... заяатай. ... Гурван юм уу дөрвөн хүүхдийн заяатай. Идээ, эд, эдэлбэр сайтай. Билиг оюун нь маш их, урлахуй ухаанд мэргэн. Бусдын гэмийг мэдэхдээ сайн ч түүнийг үл тоогч, шулуун шударга зантай. Бусдын эрхшээлд үл орогч” гэхчлэн заасан нь их хааны байдалтай нэлээд таарч байгаа биз ээ.

Нэг цагаан мэнгэ: “Нэг цагаан мэнгэнд төрсөн хүмүүн төмөр махбодтой, тэнгэрийн хөвгүүний мэнгэтэй. Түүний шинж нь ариун бус хийгээд хэрүүл тэмцлээс гэмтэх буй. Өсөх насанд зовох, өтлөхдөө жаргах болой. Юм байх ба үгүйг бодохгүйгээр наадам, найранд дуртай нэгэн. Эд малын хишиг нь бага. Эд эдлэл дунд зэрэгтэй явбал аминд сайн, их бол муу боловч ядуу үл явах тавилантай. Зарим жил эд агуурс, адгуус малын хишгийг олоход бэрх. Гарз ихтэй. Явдал нь их бүтээлч болой. Сэтгэл нь цагаан, уур түргэнтэй боловч омог хилэн бага. Өглөгийн идээ болон архийг хүснэ. Үг нь олон, их зөрүүд, бодлогошронгуй сэтгэлтэй. Гурван хүүтэй. Түүний билиг нь сүүжинд мэнгэ буй.

Нүд хийгээд хамрын өвчинд өртөмтгий. Өвчин тусвал анагаахад бэрх. Үхэгсдийн эд авбал гай болж, толгой эргэх, цээжний болон нүдний хий өвчин болох аюултай. Насны хэмжээ нь наян дөрөв” гэхчлэн зурхайн бичлэгт дурдсаны зарим нь их хаантны маань хувь тавилантай таарч байгаа байж болох юм. Чингис хаан аргын тооллынхоор тавдугаар сард (билгийнхээр Могой сар) төрсөн байх гэсэн нотлогдоогүй таамаг сонссон боловч бивээр энэ тухай ямар нэг эх сурвалжаас олж хараагүй яваа нэгэн. Энэ сарын зурлагад Могой сард төрсөн эр хүмүүн: “Ухаантай, арга мэх сайтай хүмүүнтэй зэрэгцэн оршиж үл чадмуй. Ивээн даагч бурхан сахиусандаа залбирч, сүм хийдээр явж эргэл мөргөл хийж байх чухал. 21, 37, 47, 57 настайдаа амгалан тайван аж амьдралтай байх болой. 30 настайдаа гал, уснаас сэрэмжилж байх хэрэгтэй” гэж байгаагаас үзвэл их хаан маань Бурхан Халдун хайрхандаа мөргөн залбирсаар байсан, тэгээд бас Жамуха анд нь тэрслэн урвасан мэттэй нь дүйж байх шиг.

Могой сарыг дөрөвдүгээр сарын 21-нээс тавдугаар сарын 20 дуустал Үхрийн ордон, тавдугаар сарын 21-нээс зургадугаар сарын 21 дуустал Хамтатгахын ордон тус тус ивээдэг аж. Үхрийн ордонд төрсөн хүмүүний хувь заяаны зурхайн бичлэгт заасныг дор сийрүүлбэл:

“Зан төрх: Гайхамшигтай тэсвэр, тэвчээр, ажилч хичээнгүй зангийнхаа үрээр ялалт, амжилтанд хүрдэг. Маш шаргуу. Төлөвлөсөн ажлаа орхидоггүй. Бусдын зөвлөгөөг бараг сонсдоггүй, заримдаа зөвлөснөөс огт эсрэгээр ажиллах нь ч байдаг. Түүнийг барьц алдуулахад амаргүй, нэг уурлавал хэцүү. Гомдол хорслоо мартдаггүй. Аливаад шударга байж чаддаг, хуучинсаг үзэлтэй, хардамтгай.

Давуу тал: Шийдэмгий, ажилсаг, аливаад бодолтой ханддаг, шулуун шударга, тууштай, эр зоригтой, үнэнч, тогтвортой, тайван, байгаагаараа л байж чаддаг.

Дутагдал: Хувиа хичээгч, зөрүүд, зугаа цэнгэл болон тансаг байдалд дуртай, удаан, гэнэн хонгор.

Эхний арав хоногт төрөгсөд: Будын нөлөөгөөр оюуны чадамж ихтэй, математикт дур сонирхолтой. Хөдөө аж ахуй, худалдааны салбарт ажиллана. Үе үе амьдралын хүнд цохилт амсана.

Хоёр дахь арав хоногт төрөгсөд: Сарны нөлөөгөөр өгөөмөр, уран цэцэн яриатай, мөрөөдөмтгий, сайхан сэтгэлтэй, шийдмэг бус, улс төр болон утга зохиолд сонирхолтой, амьдралд нь азын тэнгэр ивээнэ.

Гурав дахь арав хоногт төрөгсөд: Санчирын нөлөөгөөр биеэ даасан, зөрүүд, гэвч өөрөөсөө илүү чадалтай хүмүүнд захирагддаг. Нийтэч бус, гутранги үзэлтэй. Ганцаардахаас болон ядуурахаас айдаг. 30-35 нас хүртлээ ядуувтар амьдарна. Ухаалаг, тэвчээртэй байж чадвал амьдрал нь дээшилнэ” гэж байх юмаа.

Нэгэнт л таамаглал дэвшүүлэх оролдлого хийж байгаа учраас дээрх Зан төрх, Давуу тал, Дутагдалтай тал гэсэнд дурдсан нь их эзэн хааны маань шинж төрх, үйл явдалтай нийцэж байгаа гэж төсөөлье л дөө. Чингис хаан тавдугаар сард төрсөн гэвэл Үхрийн ордны хоёр дахь юмуу гурав дахь 10 хоногийн аль нэгэнд буюу тавдугаар сарын 1-20-ны хооронд мэндэлсэн байж таарнаа даа. Энэхүү Үхрийн ордны хоёр дахь ба гурав дахь 10 хоногт төрсөн хүмүүний төөргийг дээр зааснаас уншиж үзээд Чингис хаан маань эл ордны хоёр дахь 10 хоногт биш, гурав дахь 10 хоногт мэндэлсэн байх гэж болмоор байгаа биз ээ.

Яагаад гэвэл олон арван мянган цэргийн том жанжин хүмүүн бүх нууцаа нийтэд дэлгээд байдаггүй нь мэдээж учир “Нийтэч бус” байхаас өөрөөр яах билээ, тэрчлэн ялагдаж сүйрэхээс цаг ямагт сэрэмжлэх нь “Ганцаардаж, ядуурахаас айдаг” гэсэнтэй дүйнэ байх гэж үзье. Харин “өөрөөсөө илүү чадалтай хүмүүнд захирагддаг” гэснийг Чингис хааны тухайнх болгож үзвэл олон арван мянганы, олон зуун жанждынхаа саналыг шүүн тунгааж үзээд ончтойг нь “зөвшөөрч дагадаг”, өөрөөр хэлбэл, “олонхид захирагддаг” гэсэн санаа гэж үзэхэд болох мэт. Одоо төрсөн гарагийн төөргийг Үхрийн ордны гурав дахь 10 хоногийн буюу тавдугаар сарын 11-20-ны хоорондын хоногоор авч үзье.

Үхрийн ордны III арав хоног буюу тавдугаар сарын 11-20-ны өдрүүдийн гараг ба тухайн гарагт төрсөн эр хүмүүний төөрөг:

Гараг бүрийн зурлагаас үзэхүл Чингис хаан маань Ням гарагт л төрсөн баймаар ажээ. Тэгвэл 1162 оны тавдугаар сарын 11-20-ны хооронд Ням гараг хоёр удаа буюу тавдугаар сарын 12 ба 19-нд байгаа. Нэг ордноос нөгөө ордонд шилжих завсрын үед буюу хоёр ордон солилцох үед ойрхон төрсөн хүмүүнд тус хоёр ордны аль алиных нь нөлөө тусдаг гэж үздэг ажгуу. Тухайлбал, Үхрийн ордон тавдугаар сарын 20-нд дуусаад мөн сарын 21-нд Хамтатгахын ордон эхлэх хоорондын үед ойрхон, өөрөөр хэлбэл, тавдугаар сарын 20-ноос арай өмнөхөн юм уу 21-нээс арай хойхно төрсөн хүмүүнд Үхрийн ордон, Хамтатгахын ордон энэ хоёрын нөлөө хамт тусдаг ажээ.

Чингис хааны төрсөн өдөр гэж үзэж болох тавдугаар сарын 12-ны өдөр нь Хамтатгахын ордны нөлөөнөөс 10 хоногоор алслагдсан Үхрийн ордны III арав хоногийн эхний Ням гараг юм. Хамтатгахын ордонд төрсөн хүмүүний төөргийн зурлагыг дор (эхний 10 хоног буюу тавдугаар сарын 21-нээс эхлэсэн 10 хоногоор) гаргасныг Үхрийн ордонд төрсөн хүмүүнийхтэй харьцуулан үзэх биз ээ:

“Хамтатгахын буюу Ихрийн ордон (V/22-VI/21)-д төрсөн хүмүүн: 5, 25 хоногт эс үхвээс 95 хүрнэ. Жал сар юм уу Бүс од, Лхагва гараг, 16-ны өдрийн аль нэгэнд наран хөөрөхүй цагт мэсэнд үхнэ. Эд баялаг төгөлдөр, зөөлөн, архинд сүсэг ихтэй, үнэн өгүүлэгч, бусдын үгэнд мэргэн, найр хуриманд дуртай, тачаал ихтэн мөн.

Зан төрх: Хамгийн хувирамтгай хүмүүс. Оюуны чадвар сайтай, утга зохиолд авьяастай, аливааг амархан сурч мэддэг, дур булаам боловч хөнгөн хийсвэр зантай. Бусдыг байлдан дагуулахдаа сайн. Гэр бүлийн амьдралыг тээршаадаг. Гадна төрхөндөө өөрөө өөртэйгөө зөрчилддөг байх гэж санамаар. Мөн чанартаа нэгэн хэвийн байдлыг тэр тэвчдэггүй.

Давуу тал: Оюуны чадавхи сайтай, аливаад авьяаслаг, түргэн сэтгэлгээтэй, хэд хэдэн ажлыг зэрэг хийх чадвартай, нийтэч, сэтгэгч.

Дутагдал: Хувиа хичээгч, тогтворгүй, дуулгаваргүй, найдваргүй, дэггүй, салан задгай, өөнтөгч, зальтай, уцаарламтгай, олон юмыг нэгэн зэрэг эхэлсэн мөртлөө дуусгадаггүй, хуурч мэхлэх хандлагатай, чалчаа.

Эхний арав хоногт төрөгсөд: Бархасбадын нөлөөгөөр ухаалаг, зөн билигтэй, урлагт дур сонирхолтой, элдэв шуналгүй, нэр алдар мөнгө хөрөнгөгүй бол шашны эргэцүүлэлээр сэтгэлээ хангадаг, амьдрал нь бэрхшээл, тэмцлээр дүүрэн, бусдын гарт хорлогдох магадлалтай” гэжээ.

Хүмүүний төрсөн цагийн төөрөг дэх 12 зурлагаас харвал их хаан маань Хонь цагт төрсөн байж болмоор аж. Энэ цагт төрсөн хүмүүний төөргийн зурлагыг сийрүүлбэл: “Хонь цаг (Өвөл: 13.40-15.40; Зун: 14.40-16.40)-т төрсөн хүмүүн буян хишигтэй, баян сайн. Эд хогшил ихтэй аж төрөх төөрөгтэй. Хүүхэд олон, нас урт. Ааш сайн, ёс төрийг мэдэх. Урлах эрдэм, дайснаа номхтгон дарах үйлд мэргэн чадалтай. Бусадтай зоригтой харьцаж чаддаг. Бусдын дэмжлэгийг авна. Ингэснээр амжилт олно. Буяны үйлд сайн. Харин эцэг эхтэйгээ хөндий явах. Төрснөөс хойш 10 хоног, 3 сар, 9 жилд эс эндвээс 55-аас 64 хүрнэ” гэж байгаа.

Хүмүүний төрсөн өдөр нь сарны тооллын хэдэнд байж вэ гэдгийг энгийн оноолтоор шууд гаргах боломжгүй. Шинийн 1-нийхээс эхлээд битүүний өдөр хүртэлх хоногийн тоо нь сар бүр адилгүй, тухайлбал, зарим өдөр хоёр дахин давтагдах, зарим нь тасрах, хоёр жил дараалан 354 орчим хоногтой, гурав дахь жил бүр нь илүү сартай буюу 384 орчим хоногтой жил байх зэргээр нэг жилийн дотор 29 хоногтой сар олон, 30 хоногтой сар цөөн байдаг байна.
Иймээс зөвхөн эфемеридийн хүрд ашиглаж байж тухайн жилийн өдрийн сарыг, тэрчлэн гараг оддын байрлалыг нарийвчлан тодорхойлдог байна. Энэхүү эфемеридийн хүрдэнд огторгуйн од гараг тухайн жилийн тухайлсан өдөрт хаана байрлаж байхыг болон нар сарны хиртэлт, оддын цацрагийн хувьсалт гэхчлэнгийн одот тэнгэрийн үзэгдлийн зүй тогтлыг нарийвчлан тооцоолсон байдаг аж.

Чингис хааны төрсөн өдөр тэргэл сартай байж гэлцдэг. Тэргэл сар гэдэг бол 15-ны өдрийн дүүрэн сар. Тэргэл сар нь манай дэлхийн байгаль ба хүмүүн болон амьтдад ихээхэн хүчтэй нөлөө бүхий байдаг аж. “Тоон өдрийн төөрөг” хэмээх зурлагын 6 төрөл бичлэгээс тунгаан үзвэл их хааны төрсөн өдөрт хамгийн ихээр хамаарч болох нь 15-ны сартай өдөр мөн мэт санагдана. Үүнийг дор сийрүүлэв:

“Шинийн 3, 9 ба 15, 21, 27-ны өдөр төрсөн хүмүүн: Аж амьдрал нь аз жаргалаар дүүрэн. Төрийн албан хашваас ихээхэн дэвшиж болох ажгуу. Эцэг эхдээ түшигтэй. Намуун зөөлөн зантай. Хүмүүстэй амархан нийцдэг бөгөөд хэн нэгэн гомдоосон ч түүнийг амархан мартана. Ёс төрийг мэддэг, урт настай. Эд агуурс дээр жаргах” гэсэн байна.
Хүмүүний хувь заяаг бас төрсөн жилийг нь “Сүмд буулгахуй” буюу “Бурхан багшийн биед байрлуулахуй” аргаар тордорхойлдог аж. Чингис хаан маань Морь жилийн зун мэндлэсэн тул дээрх оноолт ёсоор Бурхан багшийн чихнээ төржээ. “Бурхан багшийн чихэнд зуны улиралд төрсөн хүмүүн: Цэцэн мэргэн, төр ёсыг таалагч, хишиг буян ихтэй нэгэн болмуй” гэсэн байна.

Хүмүүний зан төрх, ажил үйлс, бүтээл зүтгэл, аж амьдралыг нь сайн мэддэг ахул тухайн хүмүүний төөргийг зурхайн зурлагад заасан бичлэгтэй нь дүйцүүлж үзсэнээр эрт, эдүгээ, ирээдүй хойчийнхоор нь тодорхойлж болдог гэснээс үндэслэн ийнхүү 850 шахам жилийн тэртээ мэндэлсэн их хааныхаа талаар монгол бидэнд уламжлагдан ирсэн өөдрөг гэгээн төсөөлөлд хөтлөгдөн төрсөн өдрийг нь тогтоох хэмээн оролдсон минь энэ болой.

Ингээд энэ дэлхийн гарамгай жанжин, төрийн зүтгэлтэн, найман зууны тэртээд Их Монгол улсын тулгар төрийг байгуулсан, энэ дэлхийн талыг байлдан дагуулж, хүмүүн төрөлхтнийг ихэд ухааруулсан, өмнөх мянганы аугаа их хүмүүн, монгол түмэн бидний их өвөг бөгөөд Монголын үндэсний бахархал Чингис хаан маань монгол зурхайн тооллын III жарны 16 дахь жил “Элдэв” хэмээх Нэг цагаан мэнгэтэй, Цагаан морь жилийн Зун, 1162 оны тавдугаар (Могой) сарын 12-нд буюу Үхрийн ордны эрхшээлийн гурав дахь 10 хоногийн эхний Ням гараг, Гурван хөх мэнгэтэй, Мод суудалтай, Тэргэл сартай, Цагаан нохой өдрийн Хонь (14.40-өөс 16.40-ийн хооронд) цагт Бурхан багшийн чихнээ мэндэлжээ гэсэн таамаглал дэвшүүлж болох байна.

Их хааны төрсөн өдөр, цаг мэт нарийн ширийнийг хэн нэгэн мэргэд аль хэдийнээ тогтоочихсон байгаа байх хэмээн бодовч орчин үед өргөн дэлгэр болсон зурхайн ном хэвлэлээс уншаад, бас төрсөн ах Л.Цэрэндоржийнхоо зурхайн зурлагын нэлээд цуглуулгаас үзээд ийн “зориглов”. Ухаант олон мэргэд минь болгоон соёрхож алдаа оноог нь тунгаах биз ээ. Дашрамд өгүүлэхүйд ах Цэрэндорж маань тэртээ цагийн хөдөө орон нутагт бага сургууль байтугай, “тэнхим” гэдэг нь ч ор сураггүй байсан үед өсөх насаа мал дагасаар өнгөрөөсөн боловч хожим нь монгол, кирилл бичгийг өөрөө оролдож сурсан, орос хэлээр ч бага сага яриад байдаг болсон, ерөөл магтаалыг зохиогоод хэлчихдэг, ерөөс аливаа юманд авхаалжтай, ухаалаг сэргэлэн, хөдөлмөрч хичээнгүй хүмүүн байсан бөгөөд амьдралынхаа сүүлийн жилүүдэд буюу 90-ээд оноос хойш зурхайн ухааныг ихэд сонирхож ирсэн нэгэн.

Зарим юмны зурлагыг ах маань гаргачихаад “юм хэлээд байдаг болсон” хүмүүн байв аа. Тухайлбал, 2004 оны сонгууль болж өнгөрсөн сар, өдрийн зурлагыг хожим нь гаргаж үзээд “үр дагавар нь муухан л болох юм байна” гэж байсан нь одоо үед зарим талаар “нотлогдоод” ч байх шиг. Иймээс төр, нийгмийн аливаа зангаргатай том үйл явдлыг болдогсон бол “Сарын сайныг саатан хүлээж, Өдрийн сайныг өнжин хүлээж ...” гэдгийн дагуу төв түвшин, хожмын үр дагавар нь эерэг байхуйц сар, өдөр, цагийн нөлөө, од эрхсийн байршил, эдгээрийн аль зохистойг харгалзан шилж тогтоосноор юм уу, тогтоолгосноор эхлэн хэрэгжүүлдэг байваас буруугүй мэт санагдана.
Бичсэн: enkhjin | цаг: 21:36 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


Ядаж энэ жилийнхээ цаг тооны хуанлийг онлайн тавьчихаач.

Өдөр судар харчихаар хуанли огт алгаа, монгол сайт гаргагчид аа!
Бичсэн: Зочин цаг: 11:02, 2011-06-03 | Холбоос | |


алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 15:02, 2010-09-25 | Холбоос | |


үнсэлт баярлах гуниглах ирмэх ярзайтал инээх үнсэлт гоё шүү уйлах чөтгөр алга ташилт алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 22:19, 2010-02-01 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 6089 удаа уншигдсан.







:-)
 
xaax